Тогтвортой хөгжил гэж юу вэ?

Тогтвортой хөгжил гэдэг нь өнөөдрийн хэрэгцээг хангахдаа ирээдүйн үеийнхээ боломжийг хязгаарлахгүй байх үзэл баримтлал юм.

Энэхүү ойлголтыг дараах 3 үндсэн тулгуур баганаар илэрхийлдэг:

  1. Байгаль орчин: Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, экологийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх.
  2. Нийгмийн хөгжил: Ядуурлыг бууруулах, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрд тэгш хүртээх, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах.
  3. Эдийн засаг: Байгаль орчинд ээлтэй, урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгох, ажлын байр болон үйлдвэрлэлийг зөв зохион байгуулах.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт; нийгмийн сайн сайхан байдал; байгаль орчны хамгаалал нь хоорондоо харилцан уялдаатай, тэнцвэртэйгээр хөгжих ёстой юм.

2015 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага дэлхийн 193 орнуудыг нэгтгэн, 2030 он гэхэд илүү тэгш, шударга, ногоон ирээдүйг цогцлоохоор Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг баталсан. Эдгээр нь цэвэр ус, хүртээмжтэй эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, эрүүл, аюулгүй нийгэм зэрэг өргөн хүрээг хамарч чадсан дэлхий нийтийн ногоон хөгжлийн луужин болсон юм.

Дэлхийн хэмжээнд барилгын салбар дангаараа нийт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 37 хувийг, эрчим хүчний хэрэглээний 36–40 хувийг эзэлдэг бөгөөд ус, түүхий эдийн хэрэглээ болон хог хаягдалд ч мөн томоохон нөлөө үзүүлдэг.

Иймээс бид юуг, хэрхэн бүтээн байгуулж байгаагаас тухайн хотын ирээдүй, хүмүүсийн амьдралын чанар, мөн дэлхийн экосистемийн тогтвортой байдал шууд хамаардаг. Тийм ч учраас тогтвортой хөгжил нь сонголт биш, харин зайлшгүй баримтлах зарчим болоод байгаа юм.

Бусад мэдээ мэдээлэл